• ШИНЭNew
  • ӨНДӨР БОРЛУУЛАЛТТАЙ
  • ХЯМДРАЛТАЙSale
  • НЭРИЙН ДЭЛГҮҮРҮҮД
  • БРЭНДҮҮД

Худалдаачны үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

      Энэхүү үйлчилгээний нөхцөл нь цахим худалдаа үйлчилгээний Ааксико ХХК /цаашид "Байгууллага гэх/ болон байгууллагын цахим худалдааны izi.mn сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулагч /цаашид "Худалдаачин" гэх/ нарын хоорондох харилцааг зохицуулахад оршино.


Үндсэн зүйл

1.1 izi.mn сайтыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах үйлчилгээнд хамрагдахын тулд үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байх ёстой.
1.2 Худалдаачдыг цахим орчинд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлэх, сургах, чадавхжуулах зорилгоор байгууллагаас хөтөлбөр зарлаж, хөтөлбөрийн хүрээнд Худалдаачин байгууллагын агуулахад бараагаа байршуулж, байгууллага худалдаачны барааг өөрийн худалдааны сайтаар дамжуулан худалдан борлуулах хүрээнд Байгууллага, Худалдаачин хамтран ажиллана.
1.3 izi.mn сайтаар дамжуулан худалдаачны худалдан борлуулах бараанууд нь байгууллагын агуулахад байршина.
1.4 Байгууллага нь зөвхөн насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт энэхүү үйлчилгээний нөхцлийн дагуу үйлчилгээнд хамрагдана.

Нэр томъёоны тайлбар

2.1 Цахим дэлгүүр – www.izi.mn цахим худалдааны вэб сайт болон болон ухаалаг утасны апликэйшнаар бараа бүтээгдэхүүний захиалга авах, төлбөр тооцоо гүйцэтгэх, захиалсан барааг хүргэх худалдааны цогц платформ бүхий маркетплэйс цахим дэлгүүрийн үйлчилгээ;
2.2 Цахим худалдаа - Байгаа газраас үл хамааран, интернэт холболт ашиглан хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдах, худалдан авалт хийх процесс;
2.3 Захиалагч – Програмаас өөрийн хүссэн барааг заасан хаягтаа хүргүүлж авахаар захиалга үүсгэж, тухайн барааны төлбөрийг урьдчилж төлсөн харилцагч;
2.4 Хүргэлт - Захиалгыг захиалагчийн заасан хаягт хүргэх процесс;
2.5 Вендор - Худалдаачны олон улсын нэршил;
2.6 Маркетплэйс - Хоёр ба түүнээс дээш тооны худалдаачдын бараа бүтээгдэхүүнээ худалдаалах цахим дэлгүүр (зах);
2.7 Барааны каталог - Цахим дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг ижил төстэй байдлаар нь ангилан бүлэглэсэн байдал;
2.8 Цахим худалдааны цогц талбар - Худалдан авалт хийх веб хуудас, гар утасны аппликейшн, төлбөр тооцоо гүйцэтгэх систем, урамшууллын систем, худалдаачны дэлгүүрийн удирдлага болон агуулхын системээс гадна хүргэлтийн систем зэрэг шаардлагатай дэд системүүд багтаасан цахим системүүдийн бүрдэл. Цахим худалдааны цогц талбар нь цахим барааны каталог, төлбөр тооцоо, хүргэлт, агуулах, харилцагчийн үйлчилгээ зэрэг үндсэн шаардлагуудыг хангасан худалдааны зуучлалын үүргийг гүйцэтгэнэ;
2.9 Веб сайт, апликэйшн, програм - Худалдан авалт хийхэд зориулсан izi.mn дэлгүүрийн веб сайт болон ухаалаг утасны апликэйшн;
2.10 Худалдаачны төв – Худалдаачин бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хянах, удирдах, тайлан тооцоо хүлээн авах болон урамшуулал, сурталчилгааны зарим хэсгийг идэвхжүүлэх зэрэг үйлдлийг гүйцэтгэх боломж бүхий худалдаачны програм.

Нууцлалын бодлого

3.1 izi.mn худалдааны сайтыг ажиллуулагч байгууллага нь нь худалдаачны мэдээллийг зөвхөн сайтын үйлчилгээ үзүүлэх, барааг нь худалдан борлуулах, хөнгөлөлт урамшуулал болон харилцагчид зориулсан мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор ашиглана.
3.2 izi.mn сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, худалдаачны нууцлалыг бүрэн хариуцаж, тэдгээрийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг сайтыг ажиллуулагч байгууллага хүлээнэ.
3.3 Хэрэглэгч izi.mn сайтаас хүссэн үедээ худалдаачны бараа бүтээгдэхүүнтэй танилцаж сонирхох, таалагдсан бараагаа худалдан авахаар захиалга өгөх боломжийг сайтыг ажиллуулагч байгууллага бүрдүүлэх үүрэгтэй.
3.4 Худалдаачин нэвтрэх ID ба нууц үгийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулах эсвэл ил болгож болохгүй.
3.5 izi.mn худалдааны cайтаас үл хамааран худалдаачин өөрийн үйлдэл ба эс үйлдлээрээ нэвтрэх ID ба нууц үгийг бусдад мэдэгдсэнээс үүссэн хохирол ба хариуцлагыг худалдаачин өөрөө бүрэн хариуцна.
3.6 Худалдаачин өөрийн нэвтрэх ID ба нууц үгийг бусдад алдах, түүний ID ба нууц үгийг гуравдагч этгээд ашиглаж байгааг мэдсэн тохиолдолд сайтыг ажиллуулагч байгууллагад даруй мэдэгдэх ёстой бөгөөд izi.mn худалдааны сайт нь худалдаачны мэдээллийг хамгаалахын тулд хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллана.

Худалдаачны хариуцах зүйлс

4.1 Худалдаачин нь өөрийн барааны чанар, үнэн бодит байдалтай холбоотой бүх хариуцлагыг хүлээх ба сайтаар дамжуулан бараа худалдаалахдаа "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг дагаж мөрдөнө.
4.2 Байгууллага нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангаж худалдан авагчид чанарын доголдолгүй болон хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулахаас сэргийлж ажилладаг бөгөөд энэ хүрээнд худалдан авагчид тулгарсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хохирол, зардлыг Худалдаачин хариуцна.
4.3 izi.mn сайтад ашиглагдаж байгаа лого, нэр, барааны тэмдэгтүүд болон бусад загварууд нь байгууллагын өмч бөгөөд тэдгээрийг өөр ямар нэгэн зорилгоор хуулах, олшруулахыг хатуу хориглоно.
4.4 Худалдаачин нь сайтад нэвтрэх хэрэглэгчийн ID болон нууц үгийг бусдад дамжуулахгүй болон ил харагдуулахгүй байж, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг байгууллага хариуцахгүй.
4.5 Худалдаачин сайтын талаар санал хүсэлт, шинэ санаа илэрхийлэх, илгээх эрхтэй.
4.6 Худалдаачны мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдаачин өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
4.7 Худалдаачин нь сайтаар дамжуулан худалдан борлуулах бараа бүтээгдэхүүнээ урьдчилж байгууллагын агуулахад байршуулсан байна.
4.8 Байгууллагын сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах үйлчилгээнд хамрагдахын тулд үйлчилгээний багцаас сонголт хийнэ.
4.9 Агуулахад хүлээлгэн өгч байршуулах бараа бүтээгдэхүүний тоо нь програм дахь барааны тоотой тохирох ёстой.
4.10 Барааны чанарын доголдолгүй байдлыг худалдаачин хариуцна.
4.11 Чанарын доголдолтой бараа бүтээгдэхүүнийг хэвийн бараагаар солих үүрэг нь худалдаачинд байна.
4.12 Сайтаар худалдаалах барааны каталог, листинг хийх журам болон захиалгаар хүргэх барааны сав баглаа боодол, хүргэлт, буцаалт, солилт, бараа хүлээлгэн өгөх зэрэг үйлчилгээ, үйл ажиллагааны журмыг мөрдөх үүрэгтэй.
4.13 Худалдаачин нь сайтаар худалдаалах барааныхаа борлуулалтын мэдээллийг “Худалдаачны төв" системээр хянан, удирдаж ажиллана.
4.14 Байгууллагын нэр хүндэд харшилсан, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх үг, үйлдэл худалдаачны зүгээс гаргахыг хориглоно.
4.15 Худалдаачин байгууллагын зүгээс хүргэж байгаа аливаа үйлчилгээг сонгон хамрагдах эрх нь үргэлж нээлттэй байна.
4.16 Худалдаачны борлуулалтыг нэмэгдүүлэх хүрээнд байгууллагаас зохион байгуулах аливаа хөтөлбөр арга хэмжээ, онлайн болон биечилсэн уулзалт, сургалтанд идэвхтэй оролцоно.
4.17 Худалдаачин нь аж ахуйн нэгж бол шилжүүлсэн төлбөрийн дүнд нь таарсан НӨАТ-ыг дараа сарын 5-ны дотор и-баримт системд шивсэн байх үүрэгтэй. Худалдаачин нь хувь хүн тохиолдолд хувь хүний татвар төлөгчийн дэвтэртэй байх ба ХХОАТ-ыг хариуцан тайлагнана.

Байгууллагын хариуцах зүйлс

5.1 Байгууллага нь цахим худалдааг үр ашигтай явуулах зорилготой үйлчилгээ үзүүлэгч дундын зуучлагч бөгөөд цахим худалдаанд ашиглагдах системүүд, сайтын ажиллагаа, тэдгээрийн удирдлагатай холбоотой хариуцлага хүлээнэ.
5.2 Худалдаачны сонгосон багцад тохирсон үйлчилгээг чанартай, найдвартай үзүүлэх үүргийг хүлээнэ.
5.3 Програмын тасралтгүй ажиллагаа, өдөр тутмын хөгжүүлэлтийг хариуцна.
5.4 Худалдаачны бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахтай холбоотой ажлын нарийвчилсан процессийг технологийн дагуу шуурхай зохион байгуулах үүрэгтэй.
5.5 Худалдаачны нэр хүндэд харшилсан, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх үг, үйлдэл байгууллагын зүгээс гаргахыг хориглоно.
5.6 Агуулах нь даатгагдсан байх ба агуулах дахь худалдаачны бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн, аюулгүй найдвартай байдлыг байгууллага хариуцна.
5.7 Худалдаачны бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа Бараа агуулахад хүлээн авах, хадгалах, чанар шалгах журмыг баримтлана.
5.8 Байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгогддог бүтээгдэхүүний давуу болон дахин давтагдашгүй шинж чанар, үзүүлэлтийг нотолсон, тодорхойлсон гэрчилгээ бичиг баримт болон стандарт, аюулгүй байдалтай холбоотой лабораторийн шинжилгээний бичиг баримтыг зайлшгүй тохиолдолд шаардана.
5.9 Байгууллага нь худалдаачны борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс өөрийн сайт болон бусад онлайн, офлайн сувгаар төлбөртэй болон төлбөргүйгээр сурталчилгаа хийж болно. Төлбөртэй сурталчилгааг Худалдаачинтай урьдчилж зөвшилцсөний үндсэн дээр эхлүүлнэ.
5.10 Худалдаачны нийлүүлсэн бараа нь чанарын болон үйлчилгээний шаардлага хангаагүйгээс Худалдан авагчдаас гомдол ирсэн мөн тухайн бараа нь чанарын шаардлага хангаагүй нь нотлогдсон тохиолдолд бараа бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоох, сайтаас буулгах, цаашлаад тухайн Худалдаачны гишүүнчлэлийг зогсоох, цаашлаад гэрээ цуцлах хүртэл арга хэмжээг авна.

Захиалга

6.1 Худалдаачин izi.mn цахим худалдааны сайтыг ашиглан өдрийн 24 цагийн хэдийд ч програмыг ашиглах, захиалга хийх боломжтой.
6.2 Худалдаачин сайтаар дамжуулан бараа худалдан борлуулах захиалга хийж, агуулахад бараа нь байршсаны дараа бараа нь сайтад байршина.
6.3 Худалдаачин нь ажлын өдрүүдийн ажлын цагаар захиалгын талаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжтой.
6.4 Худалдан авагч бараа бүтээгдэхүүнийг захиалах, төлбөр төлөх, хүргэлт хийгдэх, буцаалт хийгдэх үйлдэл бүрт худалдаачны бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл очно.
6.5 Агуулахын үлдэгдлээс илүү тоотой бараа бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга хийгдэх боломжгүй.
6.6 Онцлог шинж чанартай бараа, яаралтай хүргэлт хийх зайлшгүй тохиолдол зэрэг онцгой нөхцлүүдэд төлбөртэй хүргэлттэй захиалга авч болох бөгөөд төлбөрийн хэмжээг байгууллага тогтооно.

Төлбөр

7.1 Үйлчилгээний шимтгэл гэдэг нь Байгууллага нь худалдаачны барааг www.izi.mn худалдааны сайтаар дамжуулан худалдаалж, холбогдох үйлчилгээг үзүүлсний төлөө авах төлбөрийг хэлнэ. Үйлчилгээний шимтгэлийг сайтаар зарагдсан бараа тус бүрийн үнийн дүнгээс хувь, хэмжээгээр бодож авна.
7.2 Худалдаачны сонгосон багцад хамаарахгүй үйлчилгээ болон барааныхаа борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагаар хийлгүүлэх сурталчилгаа нь тусдаа нэмэлт төлбөртэй байна.
7.3 Байгууллага нь дараах тохиолдолд Худалдаачны төлбөр шилжүүлэлтийг хойшлуулж болно.
7.3.1 Шүүхийн шийдвэрийн дагуу Худалдаачинд барааны төлбөрийг шилжүүлэхийг хориглосон;
7.3.2 Худалдаачин шаардлагад үл нийцэх бараа нийлүүлсний улмаас, Худалдан авагчдыг хохироосон тохиолдолд тухайн гомдолтой Худалдан авагчдын гомдлыг барагдуулах хүртэл.
7.4 Байгууллага нь сайтаар зарагдсан барааны төлбөрийг Худалдаачинд шилжүүлэхдээ борлуулалтын задаргааг бүртгэлтэй цахим шуудан руу нь /иМэйл/ илгээнэ.

Агуулахад бараа байршуулах, агуулахаас бараагаа гаргах

8.1 Худалдаачин сайтаар дамжуулан худалдан борлуулах бараа бүтээгдэхүүнээ агуулахад авчирч өгч, тоо хэмжээг нь тулган шалгаж хүлээлгэн өгнө.
8.2 Худалдаачы хүсэлтээр бараа бүтээгдэхүүнийг байгууллагын төлбөртэй үйлчилгээгээр тээвэрлэн авчирч агуулахад байршуулж болно.
8.3 Агуулахад худалдан борлуулахаар байршуулсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээгээр сайтад барааны мэдээллийг байгууллага оруулна. Ингэхдээ худалдаачны сонгосон багцийн үйлчилгээний нөхцөлд заасан дүрмийг баримтлана.
8.4 Гэрээний хугацаанаас өмнө худалдаачин агуулахаас бараагаа татан гаргаж болох бөгөөд ингэхдээ гэрээнд заасан нөхцлийг баримтлана.
8.5 Худалдаачны барааг агуулахад байршуулах болон агуулахаас хүргэлтэнд бэлтгэж гаргах, эсхүл агуулахаас худалдаачин бүрмөсөн гаргах тохиолдлууд бүр дэх ажлын нарийвчилсан процесс дараалал болон тэдгээрт шаардагдах төлбөрийн задаргааг гаргуулах авч болно.

Барааны хүргэлт ба буцаалтын нөхцөл

9.1 Байгууллага нь худалдаачны борлуулагдсан барааны хүргэлтийг өөрийн фулфилмент төвөөсөө хийх бөгөөд худалдан авагчийн сонголтоос хамааран хэдэн ч төрлийн хүргэлт хийж болно.
9.2 Байгууллагын агуулахаас хүргэлтээр гарсан захиалга тус бүрд хүргэлтийн зардал тооцогдоно.
9.3 Худалдан авагчид захиалснаас нь өөр бараа очсон, мөн гэмтэлтэй эсвэл бүрэн бус бараа очсон тохиолдолд худалдаачинг шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнд тооцож барааг худалдан авагчаас бүр мөсөн буцааж авах эсвэл сольж өгнө.
9.4 Бараа буцаагдах тохиолдолд Байгууллага буцаасан шалтгааныг тодруулж гарсан зардлыг хариуцах талд нь ноогдуулна.
9.5 Худалдан авагч барааг солих тохиолдолд бараа солих журмын дагуу сольж өгнө.
9.6 Худалдан авагч эсвэл хүргэлтийн ажилтан барааг бохирдуулсан, гэмтээсэн, алдсан тохиолдолд буруутай тал хариуцлага хүлээх бөгөөд барааны зардлыг хариуцна.
9.7 Сайтаар зарагдсан барааг хүргэлтийн бүс болон нөхцлөөс хамаарч Улаанбаатар хотод 24-72 цагийн дотор, хөдөө орон нутагт 2-5 хоногийн дотор Худалдан авагчид хүргэх бөгөөд барааны хүргэлтийг Худалдан авагчийн гарын үсгээр баталгаажуулна.

Бусад

10.1 Хэрэв энэхүү izi.mn худалдааны сайт дахь үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд худалдаачны бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл илгээж, танилцах боломжийг олгоно.
10.2 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь худалдаачинтай байгуулах гэрээний салшгүй нэг хэсэг байж гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

Сэтгэгдлүүд

Үнэлгээний дундаж:
5.00 (1 - сэтгэгдэлтэй.)
  • 5  од
    1
  • 4  од
    0
  • 3  од
    0
  • 2  од
    0
  • 1 од
    0
Сэтгэгдэл, үнэлгээ:
4  од (0 - сэтгэгдэлтэй.)
3  од (0 - сэтгэгдэлтэй.)
2  од (0 - сэтгэгдэлтэй.)
1 од (0 - сэтгэгдэлтэй.)
Ойлгомжтой байна